top of page
289791401_5349922098389314_82806534673363219_n.jpg

Viral Champions #03: Вайрал Партнерс ХХК-ийн продакшн багийн ахлах Р.Амарсанаа

Updated: May 30

“Viral Champions”-ийн гурав дах дугаараар та бүхэндээ Вайрал Партнерс ХХК-ийн продакшн багийн ахлах, зургийн дарга Р.Амарсанаатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр салбартаа олон жилийн туршлагатай нэгэн бөгөөд түүний ажлын арга барилтай танилцацгаая.

ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?

Ажлаа хийгээд явж байхад онгод орж ирээд цааш үргэлжлүүлээд яг тэр онгодоороо өөрийгөө дайчлаад ажиллахад их сайхан, бүр цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаардаггүй. Үргэлж цоо шинэ тэс өөр арга ажиллагаатай, шинэ сорилт болсон ажлууд дээр ажилладаг тул шинийг сурч, хөгждөг нь таалагддаг. "Ямар ч төсөл байсан аль болох гүн рүү нь орж ажиллахыг хичээдэг"

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Яг тогтсон арга барил гэх зүйл байхгүй ч гэлээ ямарваа нэгэн төсөл эхлэхэд судалгаа, шинжилгээг сайтар хийж аль болох гүн рүү нь орж ажиллахыг хичээдэг. Дотроо бүх зураг авалт, өнгө, план зэргээ дүрсэлж буулгаад, түүний дараа ажилдаа орохыг илүүд үздэг.

ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?

Би кино дэлгэцийн уран бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай, тиймдээ ч энэ чиглэлээр ажиллаж, өөрийн уран бүтээлийг туурвина гэж мөрөөдөж мэргэжлээ сонгож байсан. Мэргэжлээрээ сурч эхлэхэд бүх л зүйл нь надад их ойр, чадахгүй зүйл байхгүй мэт санагдсан. Тэгээд л би "За би энэ мэргэжлээр л явах хүн юм байна, энэ миний мэргэжил юм байна" гэж өөртөө бат итгэж билээ. Хэдийгээр хэцүү мэргэжил ч гэсэн мэргэжилдээ хайртай.

ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

Хийж байгаа зүйлдээ өөрөө дуртай учраас ажлаа хийхэд цаанаасаа л урамтай эрч хүчтэй байдаг. Шинэ сонирхолтой, гоё хийцтэй контент олж үзээд тэндээс би ч гэсэн ийм зүйл хийж чадах ёстой гэж урам авч ажлаа илүү эрч хүчтэй хийдэг. Зураг авалтаа авчхаад, дараа нь видеогоо эвлүүлээд тэр нь нүдэн дээр илүү гоё болж байгааг харахад энэ чинь миний хийсэн бүтээл шүү дээ гэж бодогдож цаанаасаа л урамтай байдаг.

ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?

Синематик сурталчилгаа хийж үзэхийг хүсдэг, үзэхэд яг л кино үзэж байгаа шиг мэдрэмж өгдөг юм. Монголд хийгдэж байгаа сурталчилгаанууд шиг нэгэн хэвийн биш, зураглал, өнгө тавилт гээд чанарын стандартад нийцэхээр томоохон төсөл дээр ажилламаар санагддаг. Үүнээс гадна өөрийн гэсэн Youtube сувагтай болоод түүгээрээ дамжуулан бүтээлч контентуудыг хүргэхийг хүсдэг дээ.