top of page

Marketing Mavericks: TsoilogsoZ төслийг хөгжүүлэгч ITY Media-ийн COO Г. Дашням

Updated: Sep 26, 2023

Энэхүү ярилцлагын булан нь бүтээлч болон маркетингийн салбарт амжилттай ажиллаж буй 30-ас доош насны залуусыг онцолж, ажил, амьдралын хэв маяг, ажиллаж буй салбарын онцлог зэргийг бусад залуустай хуваалцаж нэг үеийн залуусаасаа урам зориг авах, ажиллах арга барилаас суралцах боломжийг олгох юм.

Нэр: Г. Дашням

Нас: 23

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Одоо ажиллаж буй байгууллага: ITY Media LLC

Албан тушаал: COO



Сэтгүүлч: Та ажлын гараагаа анх хаанаас эхэлж байсан бэ? Тухайн ажлаас таны амьдралд одоог хүртэл хэрэг болдог ямар нэг ур чадварыг суралцаж авсан уу?


Зочин: Албан ёсны гэрээ байгуулж ажилласан ажил гэвэл Erxes Inc-д юм байна. Харин анхны мэргэжлийн чиглэлээр дадлага хийж гараагаа эхэлсэн гэвэл Viral Partners LLC-д төслийн менежерээр ажиллаж байсан. Түүнээс сурч авсан ур чадварын хувьд ганцхан зүйлийг зааж, тодорхойлоход хүндрэлтэй юм. Ажилласан төсөл бүр надад тухайн салбар чиглэлийг илүү сайн таниулж, төрөл бүрийн давуу талыг суулгаж өгсөн. Тухайн үед нийгмийн маркетингийн төслүүд дээр нэлээдгүй оролцоотой байсан тул одоогийн хийж буй ажлуудад шаардлагатай суурь хандлага, мэдрэмж, мэдлэгийг тэндээс олж авсан гэж бодож байна.

Сэтгүүлч: Амьдралдаа хүрэхээр зорьсон амжилтаа хувиар үнэлбэл одоо тухайн амжилтынхаа хэдэн хувьд нь хүрсэн гэж бодож байна?


Зочин: Би амжилт эсвэл зорьж буй зүйлээ хувь хэмжээгээр илэрхийлж хэмжихээс аль болох зайлсхийдэг. Өөрөөр хэлбэл урт хугацааны зорилт, алсын хараагаа хэт тодорхой тавьдаггүй. Түүний оронд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд /mission statement/ ойрын хугацаанд биелэх боломжтой, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүнийхээ төлөө шаргуу ажиллаж амьдардаг. Ирээдүйд ямар боломжууд, ямар хүмүүс, ямар зам гарч ирэхийг бүрэн таамаглах боломжгүй учраас зорилгодоо үндэслэн уян хатан байхыг л хичээдэг.


Сэтгүүлч: 30 нас хүрэхээсээ өмнө заавал хийх ёстой байгаа 3 зүйлээ нэрлэвэл?


Зочин: Заавал гэсэн зүйл одоогоор алга байна. Мэдээж залуу хүний хийж үзэхийг хүсдэг зүйлс байдаг. Мөн ажлын хувьд одоогийн эхлүүлсэн ажлынхаа цар хүрээ, үр дүнг тэлж нийгэмд бодит өөрчлөлтийг /Social impact/ бий болгохыг зорьж байна даа. Мөн өөрийн мэдлэгээ дээшлүүлэх үүднээс ахин суралцах бодолтой байгаа



Сэтгүүлч: Та өглөөний хүн үү? Оройны хүн үү?


Зочин: Хүн биеийн онцлогоос хамаарч өглөө эсвэл орой бүтээмжтэй байхаа тодорхойлж ажилладаг ч миний хувьд тийм ч ялгаа гардаггүй. Цагаа биш энергиэ удирдахыг хичээдэг тул тухайн үеэсээ хамаараад харилцан адилгүй байх нь надад таалагддаг. Бүтээмж гардаг цаг гэхээс илүү бүтээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Тиймээс өглөөний хүн баймаар үедээ өглөөний хүн, оройны хүн баймаар үедээ оройны хүн. Одоогоор бол хэт эрт ч биш хэт орой ч биш хэвийн үедээ л байна…


Сэтгүүлч: Та нэг ажлыг дуусаад дараагийнх руу нь ордог уу? Эсвэл олон ажлыг зэрэг хийдэг үү?


Зочин: Ажлын онцлогоос хамаарч хэд хэдэн ажил, төсөлд оролцох шаардлагатай болдог. Тиймээс уялдаа холбоог нь олж оновчтой төлөвлөхийг хичээдэг. Ерөнхий ажлуудын хувьд мэдээж хоорондоо уялдаа холбоотой байдаг тул зэрэг амжуулахыг хичээдэг. Харин нарийн, деталь шаардагдах ажлыгдэс дараатай, үе шаттайгаар эрэмбэлж хийхийг хичээдэг. Мэдээж олон ажлыг зэрэг амжуулах боломжгүй шүү дээ. Хийлээ гэж бодоход үр дүн муу байх нь бий…



Сэтгүүлч: Тасралтгүй олон зүйл суралцах нь чухал уу? Нэг зүйл дээр төвлөрч, тэрэндээ мэргэжлийн байх нь чухал уу?


Зочин: Аль аль нь хувь хүний онцлог, мэргэжил, чиглэлээс хамаарна гэж бодож байна. Миний хувьд тодорхой нэг чиглэлд төвлөрч түүнийгээ суурь болгон түүн дээрээ мэргэшихийг чухалчилдаг ч түүнтэйгээ мөн адил олон зүйлсээс суралцаж уян хатан байхыг хичээдэг. Тэгэхээр нэг зүйлдээ илүү ихээр төвлөрөхөөс гадна олон зүйлд суралцах орон зайг үлдээдэг гэж хэлж болох юм.


Сэтгүүлч: Энэ жил та өөрийнхөө ямар амжилт, ололтоороо хамгаас илүү бахархаж байна вэ?


Зочин: Жилийн дөнгөж ⅓ нь өнгөрч байгаа болоод ч тэр юм уу онцлох ололт, үр дүн гэж тодотгох зүйл хараахан алга байна. Одоогийн байдлаар хийж буй зүйлс явцын шатандаа /Ongoing/ байгаа учраас тогтвортой бөгөөд өсөлттэй явж байгаадаа талархалтай байна.



Сэтгүүлч: Та өмнөх алдаагаа давтахаас хэрхэн зайлсхийдэг вэ?


Зочин: Өмнөх алдаагаа давтахаас зайлсхийдэг арга ч юм уу тодорхой зүйл байдаггүй. Алдаагаа дахин давтах нь түүнийг алдаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл гэж боддог. Тиймээс алдаагаа хүлээн зөвшөөрчихөд л хангалттай санагддаг. Зүгээр л дахиж ийм алдаа гаргахгүй байх хэрэгтэй гэж л боддог доо.


Сэтгүүлч: Шинэ санаа гаргах, шинэ ажил эхлүүлэхэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?


Зочин: Шинэ санаа гаргахад хэрэв бэлдэх боломжтой үе бол тухайн зүйлтэйгээ холбоотой төрөл бүрийн өнцгөөс судалж нухацтай /Critical/ хандахыг хичээдэг. Харин шинэ ажил эхлүүлэхдээ судалж нухацтай хандахаас гадна ажлаа илүү тодорхой болгож бүх талаас нь ерөнхий болон нарийвчилсан байдлаар урьдчилан төлөвлөхийг хичээдэг.


Сэтгүүлч: 5 жилийн дараа та хаана хүрсэн байх вэ?


Зочин: 5 жилийн дараа одоо эхлүүлсэн зүйлээ илүү өргөжүүлж нийгэмд бодит өөрчлөлт бий болгоход төвлөрч ажиллах зорилгодоо хүрэхийг хичээнэ ээ. Амьдралын хувьд аз жаргалтай, тайван, сэтгэл хангалуун байна.


Сэтгүүлч: Ярилцахад таатай байлаа. Баярлалаа. Таньд ажлын амжилт хүсье.

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page