UNDER30 #02: "М банк"-ны контент маркетингийн мэргэжилтэн Б. Нинжмаа
Энэ удаагийн дугаараар бүтээлч контентуудаараа маркетингийн салбарынхныг төдийгүй олон нийтийн анхаарлыг мөн татаад байгаа M Bank-ны бүтээлч залуусын төлөөлөл, Контент маркетингийн мэргэжилтэн Б.Нинжмааг онцоллоо. Түүний ажил, амьдралын хэв маяг, хувь хүнтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.
Нэр: Б.Нинжмаа
Нас: 25
Мэргэжил: Бизнесийн менежмент
Одоо ажиллаж буй байгууллага: М Банк
Албан тушаал: Контент маркетингийн мэргэжилтэн
Ажил үүргийн онцлог: Маркетингийн харилцааны агуулга, мессеж тодорхойлох, тэдгээрийг контентын төрлүүдээр илэрхийлэх.

Сэтгүүлч: Та ажлын гараагаа анх хаанаас эхэлж байсан бэ? Тухайн ажлаас таны амьдралд одоог хүртэл хэрэг болдог ямар нэг ур чадварыг суралцаж авсан уу?
СЭЗИС-ийн 3-р курст байхдаа маркетингийн чиглэлээр Viral Agency-д ажиллах боломж олдоод анхны ажлаа эхлүүлж байсан. Өөр мэргэжлээр сурдаг байсан намайг маркетинг, зар сурталчилгаа, бүтээлч салбартай танилцуулж, мэргэжлээ хүртэл солиход хүргэсэн юм байна. Анхны харилцагч, анхны төсөл, анхны зохиол, анхны дизайн гээд анхны гэсэн бүгдийг нь Viral-с эхлүүлж, суралцсан болохоор үргэлж талархалтай байдаг.

Сэтгүүлч: Өөрийнхөө амьдралдаа хүрэхийг хүссэн амжилтаа хувиар үнэлбэл одоо тухайн амжилтынхаа хэдэн хувьд нь хүрсэн гэж бодож байна?
Амжилт гаргах гэхээсээ илүү амар, тайван сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг юм уу? Тэгэхийн тулд хийж байгаа ажилдаа дуртай, өөрөөрөө байх хэрэгтэй болдог. Одоогийн нөхцөл байдлаар бол өөрийгөө илүү танин мэдээд, юу хийвэл тэр зүйлдээ хүсэл эрмэлзэлтэй, жаргалтай байх вэ гэдгээ илүү ойлгоод л явж байна.
Сэтгүүлч: 30 нас хүрэхээсээ өмнө заавал хийх ёстой байгаа 3 зүйлээ нэрлэбэл:
Залуудаа утга учиргүй их ажиллаад, хөгшрөөд л хийе гэж боддог зүйлсийг залуудаа л хиймээр байдаг. Зөндөө их аялмаар байна, ажлын хажуугаар өөрийн сонирхлын дагуу side project эхлүүлчихмээр байна, бас яг өөрийн гэсэн бүтээл гаргахыг хүсэж байна.

Сэтгүүлч: Та нэг ажлыг дуусаад нөгөөх рүү нь ордог уу? Эсвэл Олон ажлыг зэрэг хийдэг үү?
Ажлын шаардлагаас шалтгаалаад аль аль тохиолдлоор нь ажиллах үе байдаг. Тухайн даалгавар нь их анхаарал төвлөрөл шаардаж байвал зөвхөн тэр ажилдаа л төвлөрөх, анхаарал бага зарцуулаад хийх боломжтой бол олон зэрэг ажлуудаа амжуулах байдлаар зохицуулдаг юм байна.

Сэтгүүлч: Тасралтгүй олон зүйл суралцах нь чухал уу? Нэг зүйл дээр төвлөрч, тэрэндээ мэргэжлийн байх нь чухал уу?
Тухайн хүний зорилго, хүсэл сонирхлоос л хамаарах байх даа. Хэрвээ зорилго нь тодорхой нэг зүйл бол зөвхөн түүндээ л анхаарал хандуулах нь чухал байх. Харин тодорхой биш, юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол олон зүйл туршиж үзээд тэр дундаасаа өөрт тохирох хамгийн сайн хувилбараа сонгоод тэр зүйлдээ л илүү их цаг зарцуулах хэрэгтэй гэж бодож байна.