top of page

Marketing Mavericks: Unitel группийн маркетингийн менежер М. Aриунмөнх

Updated: Apr 25

Монголын маркетингийн салбарын бүтээлч маркетингийн багуудыг танилцуулж, тэдний ажлын арга барил, мэдлэг туршлагаас хуваалцдаг "Marketing Mavericks" булан дараагийн дугаараараа уншигч та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна.


Энэхүү дугаарын зочноор "The Drum Awards"-с зохион байгуулдаг APAC The Drum Awards Marketing-ийн "Social Purpose" төрөлд "Уламжлалаа хадгалж, Хамтдаа наадъя" наадмын брэндингийн ажлаар нэр дэвшин "Highly Commended" буюу "Онцлох Ажлаар" шалгарсан Unitel группийн маркетингийн менежер М. Ариунмөнх оролцлоо.


Бидний урилгыг хүлээн авч, манай буланд оролцохоор болсонд баярлалаа.


Та бүхэнд ч бас намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Сэтгүүлийн ярилцлагад орооч ээ гэхэд их нэр хүндийн явдал санагдсан. Бас их сандарч байна шүү кк (инээв)


Ярилцлагаа таны танилцуулгаар эхэлье гэж бодлоо. Та уншигчдадаа зориулан өөрийгөө танилцуулаач.

Намайг Ариунмөнх гэдэг. “Unitel” группэд маркетераар ажиллаад 8 жил болж байна. Их сургуулиа сэтгэл судлалаар төгсөөд л "MCS" группдээ анх ажилд орсон. Дижитал маркетинг, маркетингийн судалгаа, инновац зэрэг чиглэлээр ажиллаж байлаа. Одоо маркетингийн стратегийн менежер хийж байна. Ажиллаж байсан хамгийн анхны том ажил гэвэл “Зөв гэр бүл” кампанит ажлыг нэрлэмээр байна.

Сүүлийн ажлаас дурдвал шинэ жилийн үеэр “Shine On” кампанит ажлаар багаа удирдаж ажилласан байна.


Мөн өнгөрсөн 6-н сард “ICT Expo” маань дууслаа. Ер нь “Unitel Group”-тэй холбоотой бүхий л маркетингийн ажлууд дээр оролцоод явж байна.


Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ? Бас бүтээлч санаагаа олох арга зам хүн бүрд өөр байдаг шүү дээ. Урлагийнхан бол онгод орно гэдэг. Тэгвэл таны хувьд бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ?


Маркетингийн салбарын бүтээлч байдал гэж юу вэ? гэвэл зарим хүмүүс төрөлхийн гоо зүйн мэдрэмжтэй, юмыг өөр өнцгөөс олж хардаг, бүтээлч байдаг. Харин маркетингийн салбарт ажиллаж байгаа ихэнх хүмүүсийг хөдөлмөрийнхөө хүчинд бүтээлч чадвараа олж авдаг гэж боддог. Би бол хөдөлмөрөөрөө олж авч байгаа хүмүүсийн нэг. Бүтээлч санаагаа олохын тулд судалгаа сайн хийж, сониуч зандаа хөтлөгдөж, гаргасан санаагаа бодит байдал руу буулгах чадварууд их чухал санагддаг.


Би сүүлийн үед бүтээлч санаагаа олохын тулд шинээр орж ирсэн, эргэн тойрны хүмүүсийнхээ хоббиг хуулбарладаг болсон. Жишээлбэл, манайд анимэ үзэх дуртай хүүхэд орж ирсэн л дээ. Одоо би өөрийгөө анимэчин гэж нэрлэхэд бэлэн. Сүүлд өөртөө суулгасан (adoptation) зүйл гэвэл хөлөгт тоглоомууд (board games) их сонирхдог болчихсон. Тэгэхээр ойр тойрноо, байгаа зүйлээ өөртөө тусгаж авч, сонирхож үзээд “Энэ ажилд шинэ зүйл юу байгаа вэ? Шинээр юу гаргаж ирж болох вэ?” гэж дотроо их боловсруулдаг. Энэ миний бүтээлч санаагаа олох арга юм даа.


Бүтээлч байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлээч?

  1. Бүтээлч байдлаа олохын тулд судалгаа хийх хэрэгтэй: Дэлхий даяар юу болж байна?, Хүмүүс юу сонирхож байна?, Юунд татагдаад байна?, Гол нь яагаад түүнийг сонирхоод байгаа вэ? гэдгийг их судлах хэрэгтэй. Зөвхөн орчин үеийн трендийг гэлтгүй өнгөрсөн үеийн трендийн тухай ч ухаж судалдаг байх.

  2. Эргэн тойронд нь юу болж байна гэдгийг сонирхож, сонор сэргэг, сониуч байх хэрэгтэй: Жишээлбэл: Чиний сонирхож байгаа зүйлийг би тодорхой хэмжээгээр сонирхож байж чамд таалагдах бүтээлч зүйлийг гаргаж ирнэ шүү дээ. Гадуур явж байхдаа ч хүмүүс яг юу сонирхож үзээд байгааг яг л хүүхэд шиг сониучирхах хэрэгтэй. Энэ зан чанар нь бүтээлч ажлыг бий болгодог хамгийн чухал элемент.

  3. Гүйцэтгэл, үр дүн авчрах: Бүтээлч байна гэдэг нь зөвхөн бодож сэтгэдэг эсвэл их гоё төсөөлдөг зүйл биш. Гүйцэтгэл гаргаж, бодитоор авчирч ирсэн зүйлийг хэлнэ. Бодож, сэтгэж, судалсан зүйлээ бодит бүтээл болгох тууштай зан хамгийн чухал.


Та өөрийн хамгийн шилдэг гэж боддог зар сурталчилгаагаа нэрлэвэл? /Монгол болон гадаад жишээ/


“My Life As A NPC” – Ubisoft – DDB Paris. Ubisoft компанийн шинээр гаргасан тоглоомоо танилцуулахдаа Non-player character буюу тоглогддоггүй баатруудын нүдээр тухайн ертөнцөө танилцуулсан ажил үнэхээр таалагддаг.

Туслах дүрүүд Ubisoft-ийн Instagram болон Facebook-г нь өөрсдөө хөтөлж тоглоом доторх амьдралаа хөгжилтэй, хачирхалтай, ер бусын байдлаар хүмүүст хэлж өгөх байдлаар хийгдсэн ажил юм. Жишээ нь: Ваарчин өөрийнх нь хийсэн ваарыг нэг тулаан болоод л эвдлээд хаячихдаг, гудамжинд алхаж байгаа энгийн иргэнийг хэн нэгэн дандаа түлхэж унагаадаг гэх мэтээр туслах дүрүүд ярьж, стори хийж тоглоомоо танилцуулдаг. Бусдаас шал өөр нүдээр тоглоомоо зах зээлд танилцуулсан харах өнцөг нь их таалагддаг.


Монголоос гэвэл “Welcome U - Чиний сонголт” - U Brand залуучуудад зориулсан Монголын анхны "Interactive short movie" буюу өөрсдөө зохиол, үйл явдлаа сонгодог ажлыг онцолмоор байна.

Nene, CTS 2 маань 3 ангитай интерактив видеоны турш хоорондоо учрахын тулд “Unitel”-ийн дугаар аваад “U Brand”-н хэрэглэгч болдог.

Хамгийн гоё нь үзэгч маань өөрөө дүрийнхээ хийх сонголтыг хийж, удирдаж явдаг.

2019 онд “Black Mirror” цувралаас хойш интерактив видео тренд болсонтой холбоотой туршиж үзсэн юм. Бид технологийн тал дээр нэлээн хөгжүүлэлт хийж байсан болохоор энэ ажилдаа их хайртай байдаг.


Монголын маркетингийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг өөрийнхөө өнцгөөс харвал?

Монголын маркетингийн салбар олон улсад дутах зүйлгүй, өрсөлдөөнд ч хүчтэй оролцдог гэж боддог. Гадаадад тоног төхөөрөмж, гүйцэтгэгч, өөрсдөө үйлдвэрлэдэг зэрэг давуу талууд мэдээж олон байгаа ч Монгол маркетерууд дутах юмгүй бүтээлч, юмхнаар юм хийчихдэг. Харин нөхцөл байдалдаа ханалгүй үүнээс цааш өчнөөн олон хийж үзэх зүйл байгаа гэж сэтгэл зүйгээ бэлддэг. “Дараагийнхаа ажлыг яаж илүү сайн болгох вэ? Зөвхөн Монгол улсын түвшинд биш, олон улсын түвшинд яаж өрсөлдөх вэ?” гэж бодож явбал илүү хөгжинө гэж боддог доо.


Компаниуд нийгмийн хариуцлагыг хэрхэн өөрсдийн үйл ажиллагаатайгаа уялдуулж байна вэ?

Миний хамгийн анх ажиллаж байсан төсөл бол “Зөв гэр бүл” гэх их том кампанит ажил байсан. Тэр үеэс promotional ажил буюу урамшуулал өгч байгаа болон орлого олох зорилготой ажлууд дээр нийгмийн хариуцлагын мессежүүдийг дуугарах нь гол мессежээ сарниулах талтай юм байна гэдгийг олж харсан. Тиймээс компани бүр өөрсдийн нийгэмд хувь нэмрээ оруулах чиглэлээ сонгоод урт хугацааны ажил хийвэл илүү үр дүнтэй гэж хардаг. Жишээлбэл: Юнител групп хоёр чиглэлээр нийгмийн хариуцлагын ажлууд хийдэг. Нэг нь байгаль орчиндоо эерэг нөлөөтэй ажлууд: Хог хаягдлыг бууруулах, Ногоон байгаасай мод тарих, Ан амьтан, байгаль орчинд тустай ажлуудаас гадна E-Waste бууруулах зэрэг ажлуудыг хийдэг.

Хоёр дахь чиглэл нь дижитал нийгэм рүү хамтдаа түрүүлж алхъя гэсэн зорилгоор: Цахим орчны зохистой хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдал, дижитал бичиг үсэгтэн болгох, (digital literacy) чадавхыг сайжруулах, цахим заагийг бууруулан боловсролыг тэгш хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулахаар нийгмийн хариуцлагын ажлууд хийж байна. Дарханд “Unitel Hub” төв байгуулсан бөгөөд тэнд дижитал нийгэмд хэрэгцээт бүхий л мэдлэгээр өөрөө хөгжих, бусдыгаа ч хөгжүүлэх боломжтой орчныг нь бий болгож өгсөн.

Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх үүднээс инженер роботокын хичээлүүдийг ордог. Хүүхдүүд сенсор бүхий сургалтын деталиуд ашиглан элдэв смарт конструкциуд хийж түүнийгээ дижиталаар удирдах код (софтвер) бичин ажиллуулж, суралцаж байгаа ба өөрсдөө робот угсраад сурчихсан байна. 4,5-р ангийн л хүүхдүүд шүү дээ. Энэ төв маань удахгүй 21 аймагт нээгдэхээр бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Бусад компаниуд маань олон сэдэв барьж авахаас илүүтэй юуг өргөж, дээшлүүлж чадах вэ тэр зүйл дээрээ фокуслаж, түүнийгээ урт хугацаандаа хөгжүүлж явах нь зөв гэж боддог.


Энэ жилийн олон улсын маркетингийн трендээс хамгийн чухал нь юу гэж бодож байна?


2002 онд нэг гоё реклам хийгээд түүнийгээ телевизэд өгөхөд л хүн бүр тухайн рекламыг үзээд бүтээгдэхүүн болон компанийн нэр хүнд өсдөг байсан бол одоо маш олон суваг бий болж, цар хүрээгээ тэлэхэд илүү өрсөлдөөнтэй болсон. Өнөөдөр хэн нэгэн, Буянаа гэдэг охин ч юм уу онлайн дэлгүүр нээгээд, утсаараа зураг авч, фейсбүүкт бүүст(boost) хийхэд л зах зээлд том компаниудтай зэрэгцээд ороод ирчхэж байгаа юм.

Тиймээс гоё контент хийж, залуусыг оролцуулаад, эвент хийх нь хангалтгүй. Цаана нь байгаа санаа болон түүнийгээ хүргэх аргачлал нь илүү чухал болсон.

Сүүлийн жилүүдэд мартек буюу "Маркетинг технологи" гэх үе нэлээд тренд болж байна. Үүнийг ирээдүйд улам л өргөжнө гэж харж байгаа. Мөн AI ч хөгжиж байна. Бид нар "ICT Expo"-р AI ашиглан видео клип хийлээ. Одоо бид AI-г маркетеруудын өрсөлдөгч гэж харахаасаа илүүтэйгээр generated AI буюу өөрсдөө боловсруулдаг, суралцдаг учраас бидний туслах болсноор маркетингийн ялгарлын нэг туслагч гэж бодож байгаа. Мэдээж Data Driven буюу судалгаа, тоон дээр үндэслэж шийдвэр гаргадаг, ажлаа сайжруулдаг байх нь өөрөө энэ жилийн трендээс буугаагүй байна.


The Drum Awards-с зохион байгуулдаг APAC The Drum Awards Marketing-ийн "Social Purpose" категорид Юнител группийн "Уламжлалаа хадгалж, Хамтдаа наадъя" наадмын брэндингийн ажил маань "Highly Commended" буюу "Онцлох Ажлаар" шалгарсан. Үүнд мөн түрүүний хэлдэг дижитал технологийн дэвшил хийсэн нь их нөлөөлсөн юм шиг санагдлаа. Та бүхний хийсэн ажил олон улсад шалгарахад сэтгэгдэл ямар байсан бэ?

Энэ жилийн хувьд The Walt Disney, IBM, Twitter, тэргүүтэй томоохон компанийн CMO нар шүүгчээр ажилласан байсан. Эдгээр шүүгчдийн үнэлгээгээр “Highly Commended" буюу "Онцлох Ажлаар" шалгарсан нь Юнителийн маркетерууд олон улсын алдартай брэндүүдтэй бүтээлч өрсөлдөөнд эн тэнцүү өрсөлдөж байгааг харуулсан.

Бид 2023 онд анх удаа “Яадаг юм, ганц удаа өөрсдийнхөө хийсэн гоё ажлаа явуулаад үзье” гэж бодоод зориглон 2022 онд хийсэн ”Уламжлалаа хадгалж, Хамтдаа наадъя” гэдэг наадмын кампанит ажлынхаа мэдээллийг өгсөн. Гэтэл ийм амжилтад хүрсэнд маш өндөр сэтгэгдэлтэй байна.

Кампанит ажлын маань онцлох зүйлс гэвэл Уламжлал шинэчлэлийг хослуулсан 8 үндэстэн ястныг төлөөлсөн 3D залуус биелгээний үндсэн хөдөлгөөнүүдийг ойлгомжтой байдлаар зааж өгсөн "Filter"-г 47 мянган залуус ашиглаж биелгээ бүжгээ хамтдаа хийсэн. Мөн эрийн гурван наадмаар “Бэсрэг наадам” дижитал тоглоом хийсэн бөгөөд тоглоомынхоо зохиолыг бичээд, гар скетчээ гаргахаас авхуулаад бүх зүйлээ “Coder”-тойгоо хамт сууж байгаад Монголдоо энэ тоглоомыг хөгжүүлсэн.

Мөн ажлыг маань хамтдаа бүтээлцсэн студи, стилист, их бичээч, тоглоомын код дээр ажилласан залуус гээд олон хүмүүст баярласнаа илэрхийлмээр байна. Энэ ажлын хамгийн гол санаа нь наадмын өв соёлыг уламжлалаа хадгалсан хэр нь дижитал орчинд хүн бүрд хүртээмжтэй байлгах, наадам ч гэсэн залуучуудын өв соёлоороо бахархаж, хамтдаа нааддаг баяр гэдгийг хүргэх зорилготой байсан.


Бүжиглэж байгаа бичлэгийг үзэхэд маш гоё, күүл харагдаж байсан шүү.


Хөөх баярлалаа. Бид хэд бас тэмцээнд материалаа өгөх гээд бэлдэж байхдаа бас ахиж хараад их гоё зүйл хийж ээ гээд бахархаж байсан.(инээв)

Мөн бид кампанит ажлынхаа хүрээнд хүргэх текстээ Монгол бичгээр хүргэсэн. Наадмын өдрүүдээр 3D фигур хийж байршуулснаар түүнийг ашиглан хүмүүс биелгээ хийж зургаа авхуулсан.

Бид тэр үед 4,5 кампанит ажил дээр зэрэг ажиллаж байсан ч бүх зүйлээ амжуулаад энэ кампанит ажлаа хийсэн болохоор яг л өөрийн хүүхэд шиг л санагддаг.


Танай хамт олон ажлын арвин их туршлагатай юм. Өөрийн туршлага дээр үндэслэн тухайн кампанит ажлыг амжилттай болоход нөлөөлдөг хамгийн чухал зүйлийг хуваалцаач?


Бүх зүйл багаас гардаг учраас багийн ажил хамгийн чухал. Тиймээс баг ямар байх ёстой талаар илүүтэй ярья. Маркетингийн багт ажиллаж байгаа маркетер ямар байх хэрэгтэй вэ гэвэл:

  1. "Unimak" гэж бид өөрсдийгөө нэрлэдэг. "Unimak"-ынхан ямар байх ёстой вэ гэвэл хувь хүн бүр ажлаа хийе гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.

  2. Хандлага маш чухал байдаг. Миний ажил биш, чиний ажил биш, бид нарын ажил гэдэг хандлагатай байх. Хувь хүний гүйцэтгэлээр гоё маркетингийн ажил гардаггүй. Багийн гүйцэтгэлээр л гоё ажил гарч ирдэг.

  3. Өөр өөрийн гэсэн цор ганц хүмүүсээр баг бүрдэх хэрэгтэй байдаг. Бүгд адилхан Ариука нар сууж байгаад санаа гаргавал тэндээс нэг л хүний өнцөг гарч ирнэ. Тэгэхээр ялгаатай хүмүүс нэг багт орж ирж нэгнийхээ ялгаатай байдлыг хүндэлж, дэмжиж, санаагаа баяжуулж ажиллавал их гоё байдаг.

Ер нь бол баг их чухал. Баг дотроо энэ 3-н зүйл хамгийн чухал гэж хэлмээр байна даа.


За, хоёулаа хамгийн сүүлийн асуулт дээр ирлээ. Тэгэхээр маркетер хүний хамгийн чухал зэвсгийг нэрлээч? /хэрэгсэл болон мэдээлэл авдаг эх үүсвэрүүд/


Бусад маркетерууддаа гол зэвсгээ болгох зүйл гэвэл зоригтой байгаарай л гэж хэлмээр байна. Тухайн маркетерт нэг бүтээгдэхүүн, брэндийг сурталчлахдаа ямар аргаар хүмүүст яаж хүргэх вэ? гэдэг эрх чөлөө нь байж байдаг. Тэр эрх чөлөөг ашиглаад чөлөөтэй ажиллаасай гэж хүсдэг. Эрсдэлтэй байх, бүтэхгүй байх гээд шинэ юм туршихаас зайлсхийхгүйгээр ажил бүрээ шинээр, өөрөөр хийж үзэх хэрэгтэй. Энэ хандлага бол маркетеруудад байх хамгийн гол зэвсэг. Мөн олон талын төгсрөөгүй чадвартай байснаас нэг зүйл дээрээ илүү төвлөрөөд өөрийн хамгийн сайн чаддаг гэсэн зүйлээ нэрийн хуудас болгох хэрэгтэй гэж боддог.

Эх сурвалж гэвэл мэдээллээ авдаг нэлээн олон эх үүсвэрүүд бий. Сүүлийн үед ихэвчлэн “ChatGBT”-гээс мэдээллээ авч байна. Хамгийн их мэдээлэл авдаг сайтууд нь “Drum”, “Campaign”, “AdAge”, “Feedly”, “Cnet” зэрэг байна. Мөн тиктокыг тогтмол ашигладаг. Тикток дээр контент хийдэггүй ч мэдээлэл авдаг үүсвэрүүдийн маань нэлээн урд бичигддэг болсон. Алгоритмыг өөртөө ашигтайгаар ашиглаж, сургаж чадвал маш сайн эх сурвалж болдог доо.

Ингээд сэтгүүлийн ярилцлага маань дууслаа. Бидэнд цаг гаргаж, амттай яриа өрнүүлсэнд маш их баярлалаа.


Та хэддээ бас баярлалаа, амжилт хүсье.


Таны ажил, амьдралд амжилт хүсье.


Ийнхүү М. Ариунмөнх менежертэй ярилцсан ярилцлага маань өндөрлөлөө. Ярилцлага маань 10 минут юм шиг л санагдсан ч нэг цаг үргэлжилсэн байна. Дараагийн дугаараар шинэ зочинтой эргэн уулзацгаая.


Сошиал хуудаснууд:

Facebook: Unitel


Эх сурвалж:

Drum авардсын тухай мэдээлэл: Drum шагналын мэдээ



Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page