top of page

The Future of Creativity

Marketing Mavericks: Актив Гарден ХХК Маркетингийн албаны дарга Б. Чингис


Marketing Mavericks булан энэ удаагийн дугаараараа Актив Гарден ХХК -ийн маркетингийн албаны дарга Б.Чингистэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Тэрээр маркетингийн салбарт 5 жил ажиллаж байгаа туршлагатай маркетер, мөн найзуудынхаа хамтаар "Номын баяр"-ыг анхлан санаачилж, зохион байгуулж байсан бүтээлч нэгэн юм. Ингээд түүний ажлын арга барилтай танилцацгаая.

MM: Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу?


Намайг Буянхишигийн Чингис гэдэг. Одоогоор “Актив Гарден Резиденс” барилгын төслийн маркетингийн албаны даргаар ажиллаж байна. Багш мэргэжилтэй ч маркетингийн чиглэлээр ажиллаад хэдийнээ 5 жил болжээ.




MM: Та багш мэргэжилтэй юм байна. Гэхдээ маркетингийн салбар руу орж, ажиллах болсон шалтгаан тань юу вэ?


Шалтгаан байхгүй дээ. Би маркетинг, сурталчилгааны чиглэлээр ажиллана ч гэж төсөөлж байгаагүй. Хамгийн хийхийг хүсдэг зүйлээ хийж явсаар энэ салбар руу орсон юм шиг санагддаг. Би уг нь Нийгэм судлалын судлаач, багш мэргэжилтэй хүн. Оюутан байх цагаасаа оюутны зөвлөлд ажилладаг элдэв уулзалт цуглаан, өдөрлөг арга хэмжээнд оролцож, зохион байгуулж ажилладаг байсан. Энэ үеэс маркетинг, сурталчилгааны салбар илүү ойр юм шиг санагдаж эхэлсэн. Фото зураг дарах, дүрс бичлэг хийх, засварлаж монтажлах зэрэг сонирхол маань илүү энэ чиглэл рүү ороход нөлөөлсөн.


MM: Таныг Номын баярыг анхлан санаачилж, зохион байгуулсан гэж сонссон энэ тухай хуваалцвал? Яагаад зохион байгуулахаар болсон Номын баяр гэж нэрлэсэн шалтгаан нь юу байсан бэ?


“Ном бол нам биш” би ингэж хэлэх дуртай. Эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхолд автахгүй, уншсан байхад ухаад авахгүй. Ном таны дэргэд байх жинхэнэ багш юм шиг санагддаг болохоор номын тухай нэвтрүүлэг хийх, уншигч зохиолчдыг хооронд нь уулзуулдаг өдөрлөг хийе гэж бодсоноос хойш “ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НОМЫН БАЯР” болтлоо өргөжжээ.

Анхандаа номын баяр биш, ном сонирхогчдын өдөрлөг, урамшуулалт худалдаа маягийн зүйлийг хамтран ажилладаг цөөхөн хэдэн зохиолчид, паблишн, номын дэлгүүрүүд, ном эрхлэн гаргагч компаниудтай хамтран ажилладаг байлаа. Мөн телевизийн салбарт “ Номын Ертөнц” гээд Монголдоо цор ганц ном, сэтгүүлийн мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг байсан нь том давуу тал болсон байдаг. Жилд 2 удаа зохион байгуулаад ирэхээр хүмүүст мэдээлэл сайн хүрч, ном унших, номд хандах хандлага ч гэсэн өөр болоод эхэлсэн. Үүнээс эхлэн бид ярилцаж энэхүү арга хэмжээг өөр хэмжээнд аваачих ёстой гэж ойлгож эхэлсэн дээ.


MM: Энэ олон жилийн турш зохион байгуулагдаж, бүр үндэсний хэмжээний том баяр болтлоо томорно гэж төсөөлж байв уу?


Бидний хамгийн том зорилго бол Улаанбаатар хотыг “Дэлхийн номын нийслэл” болгох юм. Болох ч ёстой оюун санааны гайхалтай бүтээлтэй улс шүү дээ. ЮНЕСКО-гоос жил бүр оюун санааны хувьсгал хийсэн, ард олноороо маш их ном уншсан улсыг тодорхойлж “Номын нийслэл” гэж зарлан цол өгдөг бас тунхагладаг. Тэр л бидний зорилго тул олон улсын үзэсгэлэн, номын баярыг үзэж судалж эхэлсэн. Хятад улсад болсон INTERNATIONAL BOOK FAIR үзээд жинхэнэ нүд нээгдэж, Номын баярыг төв талбайдаа зохион байгуулахаар зориглож байлаа. Оюуны бүтээл эрхлэгчид сайхан хүмүүс байдаг бүгд дэмжээд өөрсдийн бүтээлээ хэвлүүлээд л аваад ирдэг байсан хамт олны хүчээр үндэсний хэмжээний баяр болсон гэж боддог. Одоо харин бидний биш, ард түмний хүсэн хүлээдэг баяр болсон байгаад маш их баяртай байна.



MM: Маркетингийн менежер байхад ямар, ямар ур чадвартай байх шаардлагатай вэ?


Цаг үеэ алдалгүй ажиллах буюу орчин цагт “ХУРД” их чухал юм. Бидний өрсөлдөгч бол нөгөө компанийн Батаа менежер биш, харин цаг хугацаа гэж хардаг. Хурдтай байх гэхээр чанаргүй гэх ойлголт дагадаг тэрийг бас л ялгаж салгах хэрэгтэй. Бүтэн сарын турш бөөн зураг авалт болж хийгдсэн видео, зүгээр энгийн байдлаар утсаараа хийсэн видео хоёр агуулга ижил боловч үзэлтээрээ ондоо байх тохиолдол байдаг. Тиймдээ ч орчин үеийн платформууд РИЙЛ гэсэн шинэ функцийг гаргаж ирээд байгаа байх, тэр болгонд нийцүүлэн ажиллана хурдтай ажиллах нь чухал болов уу? Чи хийхгүй бол өөр хэн нэгэн хийх учраас.


MM: Та өөрийн ажиллаж буй Маркетингийн салбарын онцлогийг юу гэж тодорхойлох вэ?


Барилга бүтээн байгуулалтын салбарт маркетингаар ажиллах нь сонирхолтой зүйл ихтэй. Манай нэг борлуулалтын менежер байраа үзүүлээгүй байж гэрээ хийчихсэн гэж хэлж билээ. Одоо тэр захиалагч байрандаа аз жаргалтайгаар амьдарч, фэйсбүүк хуудасны топ фен болчихсон бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Миний хэлэхийг хүссэн санаа бол маркетингийн үйл ажиллагаа нь эхлээд хүний оюун санаа гүнд эхэлж бүрэлддэг юм шиг санагдсан. Хэрэгжүүлж буй утга агуулгаас шалтгаалж хүнд анхдагч сэтгэгдэл үүснэ, араас нь олон удаагийн давтамжтайгаар зөв мэдээлэл өгснөөр худалдан авах эцсийн шийдвэрийг гаргадаг. Үл хөдлөхийн салбар өөр байдаг шийдвэр гаргах гэж уддаг тул шууд худалдан ав гэж ятгахаас илүү худалдан авах боломжийг хамтдаа хайх явдал байдаг.


MM: Салбарын онцлогоос хамаарч маркетингийн арга хэрэгсэл, стратегиа өөр байдлаар тодорхойлох шаардлага гардаг болов уу. Таны ажилладаг барилгын салбарын онцлог юу юм бол?


Зөвхөн барилгын салбар гэлтгүй цаг үеийн байдлаас болж маркетингийн арга хэрэгсэл, түгээх бодлогоо өөрчлөхгүй бол борлуулалт өсөхгүй, мөнгө гаргаад дуусах компанит ажил болох эрсдэл өндөр. Актив Гарден төслийн хувьд маркетингийн бодлого төлөвлөлт, стратегийн гарцаа зөв тодорхойлж гарч ирсэн төсөл юм. Тиймээс үндсэн консептоо бариад маркетингийн шинэ сувгаар, шинэ техник технологи ашиглаж идэвхжүүлэлт хийхийг хичээдэг. Хамгийн чухал нь байр сонирхож манай дугаар луу залгасан л бол тэр харилцагчийг манайхаас ч тэр, өөр газраас ч тэр байр автал нь халамжлах нь чухал байдаг. Үл хөдлөх сонгоно гэдэг дэлгүүрээс талх, гоймон авч буйтай адил биш удаан хугацааны харилцаа байдаг тул тогтмол мэдээлэл өгч нөлөөлөх нь чухал даа.





MM: Та мэргэжлийнхээ юунд хамгийн их дурладаг вэ?


Өдөр бүр хөгжих, өглөө бүр суралцах, үдэш бүр дүгнэх, үр дүнг тайлагнах гээд алхам бүрд надад СУРАЛЦАХ процесс явагдаж байгаа нь илүү их дурлах шалтгаан болдог.


MM: Маркетингийн хүмүүсийг хамгийн бүтээлч хүмүүс гэж тодорхойлдог. Та бүтээлч санаагаа хаанаас олдог вэ?


Маркетинг чиглэлээр удаан ажиллаад ирэхээр гярхай болчихдог юм шиг санагдсан. Харж буй зүйл, сонсож байгаа хөгжим, мэдэрч буй мэдрэмж гээд бүх зүйлээс ашиглаж болох боломжийг хайдаг. Гэхдээ хамгийн сайхан санааг ХЭРЭГЛЭГЧ, ЗАХИАЛАГЧ нараасаа авдаг даа. Хааяа би утасны дуудлагаа авч, байр үзүүлж, оршин суугч нартай ярилцах, пэйжийнхээ чатыг сайтар ухаж үздэг. Харилцагчаа сонсож судлан гэдэг чухал байдаг.


MM: Таны ажлын арга барил юу вэ?




Анх Грийн Группд ажилд ороход оффисын орох хаалганы дээр “Чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдье” гэсэн бичиг байсан тэрийг хараад ихэд олзуурхаж билээ. Сүүлд удирдлагуудтай хамтран ажиллах тусам энэ үгний үнэ цэнийг мэдэрч, их зүйл ч сурсан. Хурал зөвлөгөөн дээр жинхэнэ креатив сэтгэж, бодож өвөрмөц “гаж” санаануудыг гаргадаг мөртөө хэрэгжүүлэх процесс дээр бичиг цаасаар хяналт тавьж чаддаг нь Грийн групп маркетингийн маш том соёл байсан. 3 сар ажиллахад төсөл, удирдамж, хөтөлбөр зэргийг маш сайн бичиж төлөвлөн хэрэгжүүлж чадах менежер болдог байлаа. Тиймээс би хамтран ажиллаж байгаа хүмүүстээ бахархалтайгаар чөлөөтэй сэтгэе, цэгцтэй гүйцэтгэе гэж хэлэх, чиглүүлэх дуртай.


MM: Анхны төслөө гүйцэтгэж байсан үеийн дараах сэтгэгдлээсээ хуваалцаач?


Ажилласан ажил болгон минь алга ташилтаар дуусахад маш сайхан байдаг. Хамгийн анх Зөв аарцны ундааны маркетингийн албанд ажиллаж байлаа. Тухайн үед менежер албан тушаалтай ажиллаж байсан. Баг хамт олонтойгоо “Дэлхийд цор ганц зөв аарцны ундаа” , “Эрүүл мэндийн ундаа” гэх томоохон маркетингийн хөтөлбөрт оролцож тухайн жилийн хамгийн борлуулалт ихтэй, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан. Тэр үед хамгийн ихээр баярлаж цаашид улам хичээж, мөн бие даан ажиллах хүч, урам зориг нэмэгдэж байсан. Түүний дараа Скай Гарден Резиденсийн маркетингийн албанд тухайн үедээ хүмүүсийн гайхширлыг төрүүлж байсан 8-н давуу талыг тодорхойлоход оролцож, их зүйл сурч мэдсэндээ баяртай байдаг.

Одоо Актив гарден төслийн маркетингийн албыг ахлаад ажиллаж байна. 2023 онд үл хөдлөхийн салбар уналттай, хүнд жил байсан боловч төслийнхөө 1.2-р ээлжийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, сүүлийн 3 сарын хугацаанд 90 гаруй пост, 10 гаран эвент өдөрлөг, 50000 гаруй хүмүүст мэдээлэл өгч төсөлтэй танилцуулан нийт барилгынхаа 80 хувийг борлуулсандаа маш их баяртай байна.





MM: Маркетер хүн болгонд хэрэгжүүлэхийг хүсдэг төсөл гэж байдаг шүү дээ. Та ямар төсөл дээр ажиллахыг хүсдэг вэ?


Нийгэм судлаач – багш мэргэжилтэй болоод ч тэр үү. Нийгмийн чиглэлийн маркетингийн ажил, судалгааны багт ажиллаж үзэх хүсэл байдаг.


MM: Төсөл дууссаны дараах мэдрэмжийг 3 үгээр илэрхийлбэл?


Хичээл зүтгэл, Хамт олон, Амралт аялал


/Жич: маркетинг, борлуулалтын хичээл зүтгэлийг удирдлагууд маань үнэлж багаар нь ЖЕЖҮ арал руу аялуулсан. Их ажлын дараах маш сайхан амралт болсон. Ойлгож хүндэтгэж хамтран ажилладаг ийм л сайхан удирдлагуудтай хүн дээ/




MM: Та ажлын эрч хүчээ хаанаас авдаг вэ?


Хамт ажилладаг хүмүүсийнхээ “Болчихлоо, бүтчихлээ, бүүст гүйгээд эхэлчихлээ, төсөв батлагдчихлаа, хамтран ажиллахаар боллоо, постлочихлоо, хийгээд дуусчихлаа” гэсэн үгнүүдээс эрч хүчээ авдаг даа. /инээв/


MM: Ямар нэгэн ажил, төсөл бол багийн ажил байдаг. Та Green Group-ийн хамт олныхоо талаар дурсвал?


Хамтын бүтээл, багаараа ажилласан төсөл хөтөлбөр, компанит ажлууд бүтэлгүйтэж байсан удаагүй. Дуусгахын төлөө дундаршгүй сэтгэлээр өдөржин зүтгэж, бүтээж бий болгож байгааг олон жил өөрийн нүдээр харсан болохоор Грийн Группийн хамт олноо ажилсаг гэж хэлнэ. 1000 гаруй ажилтантай ч нэг нэгэндээ хүлээцтэй хандаж уялдаж, нэгдэж чаддаг. Хийж буй ажил, хэлж буй үгээр бусдыг манлайлж дагуулж чаддаг учраас Грийн Групп, Актив Гарден төсөл дээр ажиллаж байгаадаа баяртай байдаг..




MM: Та хамт олноо 3 үгээр тодорхойлбол?


ACTIVE ON - / Ажлын болон ажлын бус бүх зүйл дээр/


Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

5 views0 comments

Comments


Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг бүтэн цаг болон хагас цагаар ажиллахыг урьж байна.