top of page

Marketing Mavericks: М банк - ны маркетингийн менежер "Tonicana"

Updated: Apr 16

Энэхүү булангаар Монголын маркетингийн салбарын бүтээлч маркетингийг багуудыг танилцуулж, тэдний ажлын арга барил, мэдлэг туршлагаас хуваалцах болно. "Marketing Maverick" гэх шинэхэн булангаа та бүхэн хүлээн авна уу.

Эхний дугаарын зочноор бидний дунд цахиур хагалаад буй "М Банк"-ны маркетингийн албаны төлөөлөл "Тоникана" оролцож нээлттэй ярилцлага өрнүүллээ.


Та өөрийгөө танилцуулаач

Мэргэжлийн хувьд IT болон менежментийн аль алинаар нь хичээл ордог байсан. Гэхдээ оюутан байхаас эхлээд хичээлээс гадуур хийдэг байсан зүйлс, хамрагддаг клуб зэрэг янз бүрийн үйл ажиллагаа болон ажлын бус цагаараа хийдэг байсан төслүүд маань бүгд контент, визуал, медиа болон маркетингийн чиглэлийнх байсан болохоор би илүү брэндинг болон маркетинг тал руугаа ажиллах сонирхолтой болж одоог хүртэл энэ мэргэжлээр ажиллах шалтгаан минь болсон юм болов уу.

Анхны маркетингтай холбоотой ажил гэвэл Mind + VMLY&R Mongolia -ийн 2 удаагийн төсөл дээр хагас цагаар ажилладаг байсан. Түүний дараа "Монголиан Стар Дистрибюшин ХХК"-д FMCG буюу өргөн хэрэглээний зах зээл дээр ажилласан. Тухайн үед Kleenex, Splat, Johnson & Johnson брэндийн маркетингийн гүйцэтгэлийг нь хариуцдаг байлаа.


Ийм төрлийн бүтээгдэхүүний контент, сурталчилгаа хийх нь сонирхолтой, боломж ихтэй санагдсан.

Үүний дараа санхүүгийн салбар руу орж “Zeel.mn” төсөл дээр 6 сар гаруй ажиллаад гэрээгээ дуусган “М-Си-Эс Группийн “М” төсөл рүү орж ажилласан даа. М төсөл нь дижитал банкны төсөл бөгөөд банкны лиценз гараагүй нэлээд хугацаа өнгөрсөн учир дижитал зээлийн үйлчилгээ үзүүлэх Simple финтек брэндийг зах зээлд эхлээд нэвтрүүлсэн. Үүний дараа М банк 2022 оны эхэнд үйл ажиллагаагаа явуулах лицензээ аваад 9 сард зах зээлд "Цаг нь ирлээ" кампанит ажлаар танилцуулагдсан. Ингээд миний хувьд одоог хүртэл Монголын анхны Необанкийг хэрэглээнд улам их нэвтрүүлэхээр ажилласаар байна.

Үндсэн ажлаас гадуур бусад цагаар нь сурталчилгааны материал зохиох, найруулга хийх, загварчлах, найруулан бичих, визуал арт, дизайн хийх гэх мэт маркетингийн олон төрлийн элементүүд рүү их бага хэмжээгээр орж ажилладаг. Хувийн төслүүдийн нэг гэвэл Cafune youtube дээр суурилсан хөгжмийн сувгийг 2014 - 2019 оны хооронд найзтайгаа цуг ажиллуулж байсан.

Эндээс маш их зүйл сурч маркетинг менежмент, контент бүтээх, бичиж найруулах зэрэг олон чадваруудаа олж авч байсан. Мөн сурталчилгааг нилээн гүнзгий сонирхоод үүнийгээ өмнөх чадваруудтайгаа нийлүүлж 2020 онд бүтээлч ажил, сурталчилгааг хүргэх "Kreativcharisma" төслөө эхлүүлсэн. Одоогоор 2 удаагийн улирлын хэд хэдэн тусгай дугаарууд хүргээд байна.


Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?

Би өөрийнхөө дотоод мэдрэмжүүдээсээ эсвэл янз бүрийн санаанаас санаа ургуулах байдлаар илүү их шийдлүүдийг олдог. Ингэхдээ гол нь олон зүйлээс судалгаа хийсэн байх нь чухал. Аливаа шинэ шийдлийг олохдоо олон цаг судалгаа хийж, өчнөөн шийдлүүдийг харсны эцэст өөрөөр яаж хийж болох уу? гэх мэт аргачлалаар бүтээлч санаагаа олдог гэх үү дээ.

Санаанаас санаа төрдөг учраас нэг юм харангуутаа түүн дээр ингэж өөрчилж болох юм гэсэн санааг аваад тэндээсээ дараагийн санаа урган төрдөг, үүнээс гарсан санаагаа ямар нэгэн байдлаар өмнөх зүйлээсээ арай өөрөөр эсвэл арай илүү хийх ёстой. Яг ижилхэн юм байвал түүний хүлээлт нь яг л адилхан, хүмүүс шинээр хариу үйлдэл үзүүлэхгүй байвал надад ч сонирхолгүй. Миний гаргасан санааг хүмүүс хэр сонирхох бол гэсэн хүлээлт, догдлол нь хамгийн чухал.

Бүтээлч байдалд нөлөөлдөг 5 хүчин зүйлийг нэрлээч?

  1. Өөрөөр хийх. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол түүнийгээ хуучнаар нь давтахгүй, өөрийн хэв маягтаа оруулж өөрөөр хийх.

  2. Өөрөөр хийж чадахгүй бол байгаагаас нь сайжруулах. Арай илүү болгох гэж хичээж өмнөхөөс нь сайн болгоно гэсэн сэтгэлээр хийх.

  3. Олон талын мэдлэг мэдээлэл их чухал. Нэг л сэдэвт баригдаад байхаас илүү олон төрөл зүйлийг судлах шаардлагатай.

  4. Мөн тухайн хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага. Сонирхолтой өвөрмөц амьдралын туршлагатай хүмүүс арай өөрөөр сэтгэдэг.

  5. Ажлын орчин бас их чухал. Би нэг орчиндоо удвал орчноо солих ёстой юм шиг санагддаг. Гэртээ байлаа гэхэд ажлын ширээгээ өөр газар руу зөөж сууна. Дандаа нэг газраа ажлын ширээгээ тавих биш өөрчилж үзээд шинэ орчин үүсгэвэл сэтгэл санаанд нөлөөлж бүтээмж нэмэгддэг.

Та өөрийн хамгийн шилдэг гэж боддог зар сурталчилгаагаа нэрлээч? /Монгол болон гадаад жишээ

Ер нь хамгийн шилдэг гэж нэрлэх нь хэцүү байдаг учраас яг одоо тод санагдаж байгаагаа хэлье. Надад сүүлд санагдаж байгаа нь гэвэл “Apple-1984”. Apple-н тухайн үедээ гарч ирж байсан нөхцөл, Америкийн нөхцөл байдал нь яг Манай М банкны зах зээлд танилцуулагдах нөхцөл байдалтай ижилхэн байсан. Мөн Аpple тэр жилдээ шинэ бүтээгдэхүүн танилцуулна гээд бүх юм нь маш гоё таарсан, зах зээлээ мэдрээд Жорж Орвеллийн 1984 номноос сэдэвлэж өөрсдийн мессежээ өгсөн нь үнэхээр ухаалаг байсан.

Монголоос гэвэл дээр үед “Unitel Сонгодог” гээд үйлчилгээ гаргаж байсан даа. Тэгэхэд Олимпоос Бадар-Ууган алт авчихсан байсан санагдаж байна. Тэр цаг үед цацагдаж байсан Бадар-ууган, Quiza, загвар өмсөгч Пүрэвсүрэн 3-ийн тоглодог реклам их тод санагддаг. Тухайн үедээ яг карьерынхаа хувьд гоцолж байсан салбар салбарын 3-н хүний төлөөллийг гарган ирж гүйцэтгэл талаасаа хөдөлгөөн, шилжилтүүд дээрээ их сайн ажиллаж, Quiza-н хөгжим нь их таалагдаад мөн төгсгөлд нь энэ сонгодог хүмүүсийн нэг нь та ч байж болно гээд тэр гурвын дунд хоосон сандал үлдээсэн нь гоё төгсгөл байсан. Сурталчилгааны хувьд хөгжмийн мэдрэмж, өгч байгаа мессеж талаасаа их гоё санагдсан.


Монголын маркетингийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг өөрийнхөө өнцгөөс харвал?

Монголын маркетингийн салбар харьцангуй залуухан байна. Маркетинг гэхээр ихэнх хүмүүс наана нь байгаа зар сурталчилгааг л төсөөлдөг. Гэвч үүний цаана брэндинг, маркетингийн бодлого гэх тодорхойлолт оршиж байдаг. Тухайн ажлын гол мессежийг гаргах арын ажлууд маш их ач холбогдолтой, нэлээд том процесс байдаг. Үүнийг олон нийтэд болон салбарын хүмүүст ч мөн ойлгуулж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.

Нэг хэсэг манайхан гаднаас бүх юмаа шууд хуулдаг байсан бол одоо тэрнээс аль болох татгалзаад санаа авах, аль эсвэл оригинал санаа гаргах үе рүүгээ шилжих болсон гэж бодогддог. Мөн гаргасан санаагаараа хэрэглэгчдээ соён гэгээрүүлэх шат руу шилжих ёстой юм шиг. Боловсон хүчний хувьд одоохондоо монголын хүн амаасаа шалтгаалаад нэг хүн олон зүйлийг зэрэг хийх шаардлага тулгардаг. Жишээлбэл: Нэг хүн маш олон талтай зүйлийг хийдэг. Түүндээ гүнзгийрч яг мэргэжилтэн болсон хүмүүс цөөдөөд байгаа л даа. Одооноос эхлэн хүмүүс маань янз янзаар гүнзгийрч эхлэх гээд байх шиг байгаа юм.

Компаниуд нийгмийн хариуцлагыг хэрхэн өөрсдийн үйл ажиллагаатайгаа уялдуулж байна вэ?

Үүнийг "Cause marketing" гэж бас нэрлэдэг. Одоо үед бас зөвхөн сайн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах нь брэндийн хувьд хангалттай биш болсон. Нийгэмд ямар үнэ цэнэ өгч байна гэдэг нь хүмүүст чухал. Аливаа хүн өөрт хамаатай зүйлийг илүү гоёор хүлээж авдаг. Өөрт хамаатай асуудал, олон нийтээс шалтгаалаад ЛГБТ, цагаан хоолтон гэх мэт өөрсдийн брэндийн нөхцөл байдалдаа тохирох сэдвийг барьж аваад брэндийн дүр төрх, хэрэглэгчдэд хүргэх талаасаа харилцаа холбоог үүсгэж эхэлсэн. Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан учраас сэтгэл дээр нь тоглох хэрэгтэй гэдэг стратегийг сүүлийн хэдэн жил нэлээд ашиглаж илүү эмоцилог байдлаар олон нийтэд хүргэдэг болсон.


Энэ жилийн олон улсын маркетингийн трендээс хамгийн чухлыг нь дурдаач?

Өмнө нь бол би нэлээн тренд хардаг байсан. Сүүлийн үед тренд харах нь багасаад байна. Одоо тренд гэвэл АI байна, угаасаа хүч түрээд ороод ирчихсэн. Цаашид ч бүр илүү хөгжих байх. Яагаад том нөлөө үзүүлэх юм шиг санагдаж байна гэхээр анх AI гэж ярихад маркетинг нь бүтээлч салбар учраас хамгийн сүүлд манай салбар руу орж ирнэ, бүтээлч сэтгэлгээ гэдэг бол AI-р орлуулах боломжгүй гэсэн байр сууринаас их шүүмжлэл өрнөдөг байсан л даа.

Тэгтэл өнгөрсөн жилээс эхлээд бүтээлч салбар руу шууд ороод ирсэн. Хөгжим ч хийгээд, зураг ч зураад, зохиол бичээд маркетингийн салбар руу хүч түрэн маш хурдан ороод ирлээ. Тэгэхээр энэ бол нэлээн өндөр нөлөө бүхий, дараагийн хэдэн жилдээ монгол гэлтгүй дэлхий даяар хэрэглээ нь тархах юм шиг санагдаж байна.


Тухайн кампанит ажлыг амжилттай болоход нөлөөлдөг 3 чухал зүйлийг нэрлээч?

Хамгийн эхэнд ерөнхий агуулга, гол мессеж чухал. Агуулга, гол мессежээ гаргалгүйгээр ажил эхлүүлбэл гоё зүйл гарч өгдөггүй. Тиймээс хамгийн чухал нь агуулга байдаг. Тэгэхээр агуулга гараад ирсэн тохиолдолд бид нар тийшээ явах юм байна гэдгээ, тийшээ очихын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ төлөвлөж, хийх ажлууд илүү тодорхой болдог. Ингэснээр урт хугацааны ажлыг хөнгөвчилж чаддаг. Гэхдээ агуулга, мессеж гаргах гэдэг тийм амар биш. Зарим нь их хурдан гардаг бол зарим тохиолдолд их уддаг.

Хоёрт бизнестэйгээ уялдаа холбоотой байх ёстой. Бизнесийн бүтээгдэхүүнээ дэмжсэн, хүргэх гэсэн мессеж болон зорилго руугаа чиглэсэн байх хэрэгтэй. Хичнээн сайн ажил хийсэн байлаа ч гэсэн бизнестэйгээ ямар ч уялдаа холбоогүй байвал тэр үндсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг.

Гуравт гүйцэтгэл маш чухал. Ямар ч сайн санаа гаргаад гүйцэтгэл дээрээ унах юм бол кампанит ажил тэр чигээрээ унадаг. Гүйцэтгэл дээр бүх зүйл цогцоороо сайн байх ёстой ба бүх хэсэг дээр анхаарах шаардлагатай.


Маркетер хүний чухал 3 зэвсгийг нэрлээч? /хэрэгсэл болон мэдээлэл авдаг эх үүсвэрүүд

Миний хувьд хөгжим, кофе 2 их чухал. Тэгж байж би хийж байгаа зүйлдээ төвлөрч тэрнээсээ ажиллах сэтгэл зүй, орчингоо бий болгодог. Хэрэгслийн хувьд би мак (macbook) дээр ажиллах их дуртай. Мак дээр ажиллахаар цаанаасаа бүх зүйлийг цэгцтэй байлгаад байдаг. Өмнөх түүхүүдээ бодохоор дандаа л кофе ууж, хөгжим сонсоод нөүтбүүк дээрээ суугаад ихэнх ажлуудаа гараасаа гаргаж байсан.

Сүүлийн үед мэдээллийн эх сурвалжуудаас жаахан хол байгаад байна. Эх сурвалжууд гэвэл "Mad Over Marketing" нилээн түүвэрлээд хүргэчихдэг учраас дагаж хардаг. Мөн Энэтхэгийн маркетингийн медиа, хуудсуудыг хардаг, тэд нар их гаж ч юм шиг сонирхолтой контент сурталчилгааны ажлуудыг байнга оруулж байдаг. Та бүхэн ч гэсэн нэг сонирхоод үзвэл илүүдэхгүй байх.

Сошиал хуудсууд:

Instagram: tonicana

Facebook: Tonicana Synchro

Гэрэл зургийг: https://www.facebook.com/coffeenamumongolia


Манай буланд ярилцлага өгч өөрийн ажил мэргэжлийн түүхээсээ хуваалцсан танд баярлалаа. Цаашдын олон олон бүтээлч ажилд хувь нэмрээ оруулах үйлсэд нь амжилт хүсье.



1,365 views

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page