CMO Spotlight #01: М банк - ны маркетингийн менежер "Tonicana"
Updated: May 12
Энэхүү булангаар Монголын маркетингийн салбарын бүтээлч маркетеруудыг танилцуулж, тэдний ажлын арга барил, мэдлэг туршлагаас хуваалцах болно. "CMO spotlight" гэх шинэхэн булангаа та бүхэн хүлээн авна уу.

CMO spotlight-булангийн эхний дугаарын зочноор бидний дунд цахиур хагалаад буй "М Банк"-ны маркетингийн албаны төлөөлөл "Тоникана" оролцож нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Та өөрийгөө танилцуулаач
Мэргэжлийн хувьд IT болон менежментийн аль алинаар нь хичээл ордог байсан. Гэхдээ оюутан байхаас эхлээд хичээлээс гадуур хийдэг байсан зүйлс, хамрагддаг клуб зэрэг янз бүрийн үйл ажиллагаа болон ажлын бус цагаараа хийдэг байсан төслүүд маань бүгд контент, визуал, медиа болон маркетингийн чиглэлийнх байсан болохоор би илүү брэндинг болон маркетинг тал руугаа ажиллах сонирхолтой болж одоог хүртэл энэ мэргэжлээр ажиллах шалтгаан минь болсон юм болов уу.

Анхны маркетингтай холбоотой ажил гэвэл Mind + VMLY&R Mongolia -ийн 2 удаагийн төсөл дээр хагас цагаар ажилладаг байсан. Түүний дараа "Монголиан Стар Дистрибюшин ХХК"-д FMCG буюу өргөн хэрэглээний зах зээл дээр ажилласан. Тухайн үед Kleenex, Splat, Johnson & Johnson брэндийн маркетингийн гүйцэтгэлийг нь хариуцдаг байлаа.


Ийм төрлийн бүтээгдэхүүний контент, сурталчилгаа хийх нь сонирхолтой, боломж ихтэй санагдсан.

Үүний дараа санхүүгийн салбар руу орж “Zeel.mn” төсөл дээр 6 сар гаруй ажиллаад гэрээгээ дуусган “М-Си-Эс Группийн “М” төсөл рүү орж ажилласан даа. М төсөл нь дижитал банкны төсөл бөгөөд банкны лиценз гараагүй нэлээд хугацаа өнгөрсөн учир дижитал зээлийн үйлчилгээ үзүүлэх Simple финтек брэндийг зах зээлд эхлээд нэвтрүүлсэн. Үүний дараа М банк 2022 оны эхэнд үйл ажиллагаагаа явуулах лицензээ аваад 9 сард зах зээлд "Цаг нь ирлээ" кампанит ажлаар танилцуулагдсан. Ингээд миний хувьд одоог хүртэл Монголын анхны Необанкийг хэрэглээнд улам их нэвтрүүлэхээр ажилласаар байна.
Үндсэн ажлаас гадуур бусад цагаар нь сурталчилгааны материал зохиох, найруулга хийх, загварчлах, найруулан бичих, визуал арт, дизайн хийх гэх мэт маркетингийн олон төрлийн элементүүд рүү их бага хэмжээгээр орж ажилладаг. Хувийн төслүүдийн нэг гэвэл Cafune youtube дээр суурилсан хөгжмийн сувгийг 2014 - 2019 оны хооронд найзтайгаа цуг ажиллуулж байсан.
Эндээс маш их зүйл сурч маркетинг менежмент, контент бүтээх, бичиж найруулах зэрэг олон чадваруудаа олж авч байсан. Мөн сурталчилгааг нилээн гүнзгий сонирхоод үүнийгээ өмнөх чадваруудтайгаа нийлүүлж 2020 онд бүтээлч ажил, сурталчилгааг хүргэх "Kreativcharisma" төслөө эхлүүлсэн. Одоогоор 2 удаагийн улирлын хэд хэдэн тусгай дугаарууд хүргээд байна.


Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?
Би өөрийнхөө дотоод мэдрэмжүүдээсээ эсвэл янз бүрийн санаанаас санаа ургуулах байдлаар илүү их шийдлүүдийг олдог. Ингэхдээ гол нь олон зүйлээс судалгаа хийсэн байх нь чухал. Аливаа шинэ шийдлийг олохдоо олон цаг судалгаа хийж, өчнөөн шийдлүүдийг харсны эцэст өөрөөр яаж хийж болох уу? гэх мэт аргачлалаар бүтээлч санаагаа олдог гэх үү дээ.
