top of page

Marketing Mavericks: WWF "Хуванцаргүй хуралдъя" аяныг хэрэгжүүлэгч хамт олны төлөөлөл Г. Сэлэнгэ

Updated: Nov 30, 2023

Та бүхэнд шинэхэн булангийнхаа хамгийн эхний дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Тус булангаар бидэнтэй хамтран ажиллагч кампанит ажлын түншүүд болон байгууллагын ахлахуудтай ярилцаж тэдний мэдлэг, туршлагыг уншигч та бүхэндээ хуваалцах болно.


Эхний дугаарын зочноор "Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь газар"-н мэдээлэл харилцааны асуудал хариуцсан менежер Г. Сэлэнгэ гэх цоглог, эрч хүчтэй, чадварлаг эмэгтэй оролцсон бөгөөд түүнтэй өрнүүлсэн үнэтэй яриаг сийрүүлэн бичсэнийг минь уншигч та бүхэн хүлээн авна уу.


Өөрийгөө болон WWF компанийн тухай товчхон танилцуулна уу.


Намайг Г. Сэлэнгэ гэдэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь салбарт мэдээлэл, харилцааны асуудал хариуцсан менежерээр ажилладаг. Дэлхийн байгаль хамгаалах сан нь 1992 онд Монголд анхлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогоор үйл ажиллагаагаа явуулаад 31 жил өнгөрсөн байна.

Түүнчлэн 10 жилийн хүүхдүүдэд экологийн боловсролыг бага наснаас нь суулгаж, ирээдүйд байгальдаа ээлтэй амьдардаг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд нэлээн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Учир юу вэ? гэхээр манай байгууллага 30-40-н байгаль хамгаалах хүүхдийн клубтэй хамтарч ажилладаг бөгөөд нийт хүүхдийн тоо аль хэдийн 1000-с даваад байна.

Зураг. Эко клуб


Та уншигчиддаа хандан “Хуванцаргүй хуралдъя” аяны талаар мэдээлэл өгөөч.


Ямарваа нэгэн хурал цуглаанд очихоор жижиг хэмжээтэй хуванцар савтай уснууд хүн болгоны өмнө тавьчихсан байдаг. Энэ нь эргээд ямар их хог хаягдал болдог вэ гэдгийг бид нар төдийлөн анхаарч боддоггүй. Гэтэл Дэлхийн хэмжээнд 9 % нь л дахин боловсруулагддаг гэсэн судалгаа гарсан. Энэ бол маш бага тоо. Тиймээс заавал энэ хуванцар савтай усыг ашиглахгүйгээр яаж энэ асуудлыг шийдэж болох вэ? гэх шийдлийг нь л гаргаж өгсөн аян юм. Яах вэ? гэхээр “Та нар өөрсдийнхөө аягыг авч яваад хэрэглээч ээ” л гэсэн хүсэлтийг хүмүүст уламжилж, хүргэхийг зорьж байгаа юм.

Зураг. Хуванцаргүй хуралдъя аяны хүрээнд бүтээсэн постер

Зураг. "Аягандаа уулаа" үзэсгэлэнгийн бүтээл

Хуванцаргүй хуралдъя аяны хүрээнд бүтээсэн GIF


Хуванцаргүй хуралдъя аяныг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?

Зураг. сэтгүүлийн ярилцлагын үеэр


Би судлаач хүн биш ч судалгаанаас харахад “1 хүн 7 хоногт дунджаар нэг нэрийн хуудасны хэмжээтэй хуванцрыг идэж байна” гэсэн тоо, мэдээлэл гарсан байсан. Энэ нь бидний идэж байгаа хүнсээр хүртэл орж ирээд байна. Маш олон улсууд хог хаягдлаа далай руу хаядаг. Тэрийг нь далайн амьтад мэдэхгүй идчихдэг. Гэтэл хүн төрөлхтөн эргээд далайн гаралтай хоол хүнснээс хуванцар хаягдлыг идэж биедээ шингээдэг. Бүх зүйл гинжин холбоотой гэдгийг л санаасай гэж боддог доо.

Таны хийж буй ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?


Хүнийг өөрчлөх, авсан мэдээллээрээ хүн өөрчлөгдөх гэдэг өөрөө их урт хугацааны процесс. Хэдэн жилийн дараа бид нарын хийх гэж зүтгэж байсан зүйлс хүмүүст хүрээд , сонссон зүйлээ хүмүүс өөртөө хэрэгжүүлээд, түүнийгээ бүр амьдралын хэв маягаа болгочихсон байх л хамгийн сайхан зүйл дээ. Бид хичээж байгаа, хичээсээр ч байх болно.


Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг, хамгийн чухал зүйл таны хувьд юу байдаг вэ?

Зураг. WWF хамт олон


Манай баг хамт олон л гэж хэлнэ дээ. Хүн ганц толгойгоороо шийдэх асуудал байдаг ч бид нар аль болох багаараа ажиллахыг хамгийн зөв гэж үзэж, 99 хувьд нь багаараа ажиллахыг эрхэмлэдэг ба ажилчдынхаа саналыг сонсохыг чухалчилдаг. Түүний эцэст ажилчидтайгаа санал солилцоод тэр санал, хариу үйлдлүүд дээр үндэслэн шийдвэр гаргах нь илүү оновчтой байдаг. Тиймээс эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хүнтэй ажиллах, хүний үгийг сонсох л хамгийн чухал.


“Дуу гарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг л…”


Зураг. WWF компанийн дотоод "workshop"-н үеэр


Ямар шалтгаанаар "Viral" хамт олонтой хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ? Viral-н хамт олонтой хамтарч ажиллахад ямар байдаг вэ?


Анх "Хүүхдийг Ивээх сан"-н хийж буй ажил нь их таалагдаад тэнд ажиллаж байсан таньдаг хүнээсээ ямар байгууллагатай хамтран ажилласан гэдгийг нь асууж Viral-г мэдэж байсан. Тэгээд л анх Viral-тай “Зэрлэг амьтдын эд эрхтнийг хууль бусаар ашиглахыг болиулах, зогсоох” ажилд хамтарч ажиллаж байсан. Би хувьдаа Viral-тай ажиллах бүрд дуртай байдаг. Учир нь зан зангаа авалцсан, хамтарч ажиллаад сурчихсан, бас тэдний их бүтээлч байгаа байдлыг нь их үнэлдэг.

Зураг. Viral агентлагаас хэрэгжүүлсэн "workshop"-н үеэр


Та ажил хэрэг болон өөрийн хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Хариу үйлдлийг цаг алдалгүй үзүүлэхийг хичээдэг. Цаг алдалгүй үзүүлнэ гээд хайнга хандаж болохгүй, маш болгоомжтой ажиллах хэрэгтэй. Буруу зөрүү мэдээлэл хүмүүст өгч болохгүй. Үг үсгийн алдаа, таслал дээр хүртэл маш их анхаардаг. Ер нь хурдтай ажиллахыг л боддог, яриа маань ч хүртэл их хурдан (инээв). Хувь хүний араншинтай холбоотой зарчим гэвэл цэвэрхэн байхыг л хүсдэг дээ. Ажлын орчин цэвэрхэн, гэрийн орчин ч цэвэрхэн байвал сайхан. Ямарваа нэгэн юм цэвэрхэн байна гэдэг чинь өөрөө юманд төвлөрөхөд, гэртээ тайван тухтай амрахад их нөлөөлдөг.


Нэгэнт асуулт маань хувь хүний шинж рүү орсон учир үргэлжлүүлээд хувийн асуултууд асууя гэж бодлоо. Та ажлын бус цагаар, ажлаас өөр юу хийж аз жаргал мэдэрдэг вэ?


Миний хобби гэвэл би цэцгэнд их дуртай. Цэцэг дундаа тасалгааны биш гоёл чимэглэлийн, баглаж боодог цэцгэнд их дурладаг. Тэд нарыгаа янз бүрийн хэв маягт оруулж, дизайн хийх их сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Цэцгээ хараад тайвшраад, хажуугаар нь өнгөрөхөд л үнэртэх үнэр, харагдах байдал, гоо зүй талаасаа сэтгэл татам байдалд нь ихээхэн татагддаг.

Үзэх дуртай кино эсвэл нэвтрүүлгээ хуваалцаач.


Танин мэдэхүйн хөөрхөн контентуудыг бүгдийг нь л үздэг дээ. Санаа авч болохоор ажилтайгаа уялдуулчихаар юм байна уу? гэдэг талаас нь хардаг. Хүмүүст ямар төрлийн мэдлэг мэдээлэл дутуу байна гэдгийг үзэж байгаа контентуудаасаа олж харахыг хүсдэг.


Та яг одоо өөрийн хүссэн ямар ч газар руу аялаж болно гэвэл хаашаа аяламаар байна вэ?


Яг одоо аял гэвэл би Гүрж улс руу явмаар байна. Яагаад гэхээр манай хүү тийшээ жилийн өмнө явж ирэхдээ тэндхийн өвөрмөц соёл, өвөрмөц хүмүүсийн харьцааны тухай надад ярьж өгсөн юм. Өндөр уулын орны хүмүүсийн зан байдал, харьцаа, тэр хүмүүсийн гайхамшгийг сонирхож үзэх боломж олдвол тийшээ л хамгийн түрүүнд явна аа.

Зураг. Гүрж улсын тосгон


Та хамгийн анх сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Түүнээс юу суралцсан бэ?


Би өөрөө багш хүн. Энэ ажлыг хийхийн тулд их олон мэргэжлийн ур чадвараа сайжруулж олон зүйлийг хийх шаардлагатай болдог. Тэдгээр ур чадваруудыг багш мэргэжлээсээ авсан юм болов уу л гэж боддог доо.


Таны ажиллаж буй мэргэжлээр яг одоо суралцаж буй, дөнгөж ажлын гараанд гарж буй шинэ залуу үеийхэнд хандаж юу гэж хэлмээр байна?


Би хүүхэд болон залуучуудыг заавал та нар байгаль хамгаалагч бол, байгаль хамгааллын газар ажилла, биологич бол, экологич бол гэж хэлэхгүй ээ. Зүгээр л “Чи өөрийнхөө амьдралын хэв маягийг байгальд ээлтэй байлгаач” л гэж уламжилна. Сүүлийн үед загварлаг, гоё хувцаслах дуртай болоод ч тэр үү нэг хувцсыг жаахан өмсөөд л уйдаад, өөр хувцсаар сольдог болсон. Энэ нь бас л байгальд их хог хаягдал учруулаад байна шүү дээ. Аялалд явахдаа хүртэл ул мөрөө бага үлдээх хэрэгтэй. Ул мөр гэдэг нь хог хаягдал, ялгадас, түлэгдсэн газар гэх мэт мөрүүд орно. Байгальд ээлтэй аялагчид яадаг вэ гэхээр ялгадсаа хүртэл үлдээдэггүй. Гялгар уутанд хийгээд л аваад явдаг. Тэр ямар мундаг соёл вэ? Хүмүүсийг амьдралын хэв маягаа ингэж өөрчилж болдог шүү гэдгийг ойлгож, өөртөө хамааралтайгаар хүлээн авч сураасай гэж би их хүсдэг.

Photo source by Tuji


Манай дугаарт оролцож өөрийн ажлын арвин туршлагаас харамгүй хуваалцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.


Ийнхүү Г. Сэлэнгэ гэх чадварлаг эмэгтэй бид хоёрын яриа өндөрлөж, тэрээр ахин уулзахын ерөөлөөр биднийг үдлээ. Түүний эрч хүчтэй, дайчин зан чанар, ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хандлагыг биширсээр ярилцлагаа өндөрлүүлэв. Уншигч та бүхэнд үнэтэй мэдээллийг хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн дугаараар ахин уулзацгаая.


79 views

Marketing & Advertising 

Viral is an independent marketing communications agency that focusing on providing an integrated service of strategic consultancy, viral campaigns, creative advertising, event/activation, PR, social & content marketing. The company was founded in 2015 and is headquartered in Ulaanbaatar, Mongolia.

viral web photo 1.png

Innovative. Effective. Creative
(Founded in 2015)

Work Day at Viral

Hallway Entrance

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Маркетинг менежер, Креатив дайректор, Арт дайректор, Сэтгүүлч, Хүний нөөцийн менежер, Оффис менежер, Туслах менежер, Дизайнер, Видео эдитор, дадлага хийх оюутнуудыг урьж байна.

bottom of page