Энэ удаагийн дугаараар Вайрал Партнерс ХХК-ийн төслийн менежер Б.Оюунжаргалтай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэрээр маркетингийн салбарт дөрвөн жил ажиллаж байгаа залуу маркетер бөгөөд давхар Монголын маркетингийн холбооны ерөнхий менежерийн албан тушаалыг хашдаг билээ. Ингээд түүний ажлын арга барилтай танилцацгаая.
Маркетингийн агентлагт ажиллахын давуу тал нь олон төрлийн төслүүд дээр ажиллаж өөрийгөө олон талаас нь сорьж, хөгжүүлэх боломжийг олгодог
ТА МЭРГЭЖЛИЙНХЭЭ ЮУНД ХАМГИЙН ИХ ДУРЛАДАГ ВЭ?
Би анх Вайралд маркетингийн мэргэжлийн талаар ямар ч мэдлэггүй орж байсан. Телевизээр зар сурталчилгааны алба гэдэг бичиг доогуур нь явдаг даа. Түүгээр л өөрийнхөө мэргэжлийг төсөөлдөг байсан. Яг маркетингийн мэргэжлийн үнэ цэнийг нь ойлгоогүй, юу хийх нь тодорхойгүй байх үедээ мэргэжлийн агентлагт ажиллаад "Аан би ирээдүйд ийм юм хийх юм байна” гэдэг ойлголтыг илүү сайн мэдэж авсан. Маркетингийн агентлагт ажиллахын давуу тал нь олон төрлийн төслүүд дээр ажиллаж өөрийгөө олон талаас нь сорьж, хөгжүүлэх боломжийг олгодог юм шиг санагддаг. Мөн миний хувьд маркетингийн салбар бол хамгийн сонирхолтой, уйдах завгүй салбар гэж боддог.
ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?
Би ерөнхийдөө ажлаа чимээгүй орчинд дуу сонсоод, төвлөрч хийх дуртай. Тиймдээ ч тухтай байдлаа хангачхаад ажлаа хийж эхэлбэл илүү үр бүтээлтэй ажилладаг. Мөн кофегоо яаж мартах билээ (инээв). Их ачаалалтай үедээ хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад, хийгдсэн ажлуудаа тухай бүрд нь бүртгээд явчихдаг л даа. Энэ нь тухайн өдрийн бүтээмж болон цаг төлөвлөлтөд маань их хэрэг болдог.
ТАНЫ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ШАЛТГААН?
Би хамгийн анх ЭЕШ-ээ хуульд орно гэж бэлдэж байсан. Маркетингийн мэргэжлийг сонгоно гэсэн төлөвлөгөө байгаагүй гэсэн үг. МУИС болон СЭЗИС-д орох хүсэлтээ өгч байсан ч МУИС-д орохыг илүү хүсэж байсан. Тэгэхэд азаар ч юм уу СЭЗИС-д тэнцээд маркетингаар суралцахаар болсон доо. Надад зөвлөгөө өгч, энэ мэргэжил рүү орох сэдлийг хамгийн их өгсөн хүмүүс бол манай эцэг эх. Хүүхдийн ард эцэг эх нь л байдаг шүү дээ, шийдвэр гаргалтад их нөлөөлдөг. Түүний адилаар эцэг эхийнхээ зааврын дагуу маркетингийн мэргэжлийг эзэмшсэн. Гэхдээ одоо ажлынхаа хажуугаар давхар эрх зүйч мэргэжлийг эзэмшээд явж байгаа.
ТА АЖЛЫН ЭРЧ ХҮЧЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?
Кофеноос (инээв), 2-т зайрмаг. Өвөл ч байсан хамаагүй гадаа зайрмаг идээд сууж чадахаар хүн. Гадаа даарсан ч хамаагүй. Ерөнхийдөө амттан, зайрмаг бол миний ажлын эрч хүчийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс гэж хэлж болно. Мэдээж нэмээд нэг өдрийн гоё амралт.
ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ТӨСӨЛ?
Миний хувьд нийгмийн төсөл хэрэгжүүлэхийг хүсдэг. Оюутан байхдаа "Вайрал"-д орж ирээд анх удаа ажилласан төсөл бол “Ногоон Cэтгэ” гэх нийгмийн төсөл байсан. Миний сайн мэдэхгүй барилгын салбартай холбоотой төсөл байсан бөгөөд гол зорилго нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулж, тэр хаягдлыг ахин барилга барихад ашиглаж болдог мөн хаягдлаа зөв хаях хэрэгтэй гэсэн мессежийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх байсан. Нийгмийн кампанит ажлын үр дүн нь шууд бодитойгоор харагддаг учир нийгмийн төслүүдэд илүү сонирхолтой. Жишээлбэл: "Viral" агентлагийн хэрэгжүүлсэн "Unfriend", "Бөхөндэй"-г нэрлэж болно. Өргөн цар хүрээг хамарч, хүн бүрийн мэддэг болсон маш амжилттай төслийг хэрэгжүүлэхийг хүсдэг.
ВАЙРАЛТАЙ АНХ ТАНИЛЦСАН СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Намайг 1 билүү 2р курст байхад СЭЗИС-с жил бүр зохион байгуулагддаг "Маркетингийн олимпиад"-н өмнө жилийн ялагч Есөнзаяа гэдэг эгчээс маркетингийн олимпиадад яаж бэлдэх хэрэгтэй, ажлын туршлага гэх мэт яриаг нь авах гээд "Вайрал"-д хамгийн анх ирж байсан. Тэгээд Вайрал-г хараад “Ямар гоё газар вэ? Ямар гоё агентлаг вэ?” гэж бодоод "Ирээдүйд би яг ийм л газар ажилламаар байна" гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэтэл "Вайрал" дээр дадлага хийх боломж олдож энд ажиллаж эхэлсэн дээ. Анх дадлагынхаа ярилцлагад орох гээд ирэхэд одоогийнхоос илүү цөөхөн хүнтэй маш гоё хамт олон угтаж авсан. Би дотроо "Хөөх ийм цөөхөн хүнтэй байж ямар олон ажлыг амжуулдаг юм бэ" гэж гайхаж байснаа санаж байна.
ВАЙРАЛЫГ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ/ИЛЭРХИЙЛБЭЛ?
Эрч хүч, хавар, тааварлашгүй.
ВАЙРАЛЫН ГИШҮҮН БОЛОХОД ЯМАР УР ЧАДВАРУУД ШААРДАГДДАГ ВЭ?
Бүтээлч сэтгэлгээтэй байх. Зарим зүйлийг хийж чадахгүй байж болно, гэхдээ шинийг санаачилдаг байх хэрэгтэй. Гарагийн юм төсөөлдөг гэх юм уу?. Мөн тодорхой хэмжээний тал талын мэдлэгтэй байх шаардлагатай гэж боддог. Ямар төрлийн төсөл орж ирэх нь тааварлашгүй болохоор ядаж тухайн салбарынхаа ерөнхий мэдлэгтэй байвал зүгээр. Мэдээж хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх хэрэгтэй, мөн бичгийн ур чадвар маш чухал санагддаг. Зарим үед зохиолоо өөрөө гаргах ч тохиолдол гардаг. Ер нь л бичих зүйлс нэлээн их гарч ирдэг дээ. Эдгээр чадварууд байхад Вайралын хамт олон бусад чадварыг тань хөгжүүлээд, чиглүүлээд явчихна.
ТА ӨӨРИЙН ДУРТАЙ 3 ЗАР СУРТАЛЧИЛГААГАА НЭРЛЭВЭЛ?
DrinkWise How To Drink Properly- 2016
Nature Is Speaking – Julia Roberts is Mother Nature- 2014
Think Green - We"ll Change- 2020
Таны ажлын арга барилтай танилцахад таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцлага бэлтгэсэн: Noni
Гэрэл зурагчин: O.Бүрэнбаяр
Comments