UNDER30 #01: TsoilogsoZ төслийг хөгжүүлэгч ITY Media-ийн COO Г. Дашням
Updated: May 3
UNDER-30 ярилцлагын булан нь бүтээлч болон маркетингийн салбарт амжилттай ажиллаж буй 30-ас доош насны залуусыг онцолж, ажил, амьдралын хэв маяг, ажиллаж буй салбарын онцлог зэргийг бусад залуустай хуваалцаж нэг үеийн залуусаасаа урам зориг авах, ажиллах арга барилаас суралцах боломжийг олгох юм.
Нэр: Г. Дашням
Нас: 23
Мэргэжил: Бизнесийн удирдлага
Одоо ажиллаж буй байгууллага: ITY Media LLC
Албан тушаал: COO

Сэтгүүлч: Та ажлын гараагаа анх хаанаас эхэлж байсан бэ? Тухайн ажлаас таны амьдралд одоог хүртэл хэрэг болдог ямар нэг ур чадварыг суралцаж авсан уу?
Зочин: Албан ёсны гэрээ байгуулж ажилласан ажил гэвэл Erxes Inc-д юм байна. Харин анхны мэргэжлийн чиглэлээр дадлага хийж гараагаа эхэлсэн гэвэл Viral Partners LLC-д төслийн менежерээр ажиллаж байсан. Түүнээс сурч авсан ур чадварын хувьд ганцхан зүйлийг зааж, тодорхойлоход хүндрэлтэй юм. Ажилласан төсөл бүр надад тухайн салбар чиглэлийг илүү сайн таниулж, төрөл бүрийн давуу талыг суулгаж өгсөн. Тухайн үед нийгмийн маркетингийн төслүүд дээр нэлээдгүй оролцоотой байсан тул одоогийн хийж буй ажлуудад шаардлагатай суурь хандлага, мэдрэмж, мэдлэгийг тэндээс олж авсан гэж бодож байна.
Сэтгүүлч: Амьдралдаа хүрэхээр зорьсон амжилтаа хувиар үнэлбэл одоо тухайн амжилтынхаа хэдэн хувьд нь хүрсэн гэж бодож байна?
Зочин: Би амжилт эсвэл зорьж буй зүйлээ хувь хэмжээгээр илэрхийлж хэмжихээс аль болох зайлсхийдэг. Өөрөөр хэлбэл урт хугацааны зорилт, алсын хараагаа хэт тодорхой тавьдаггүй. Түүний оронд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд /mission statement/ ойрын хугацаанд биелэх боломжтой, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүнийхээ төлөө шаргуу ажиллаж амьдардаг. Ирээдүйд ямар боломжууд, ямар хүмүүс, ямар зам гарч ирэхийг бүрэн таамаглах боломжгүй учраас зорилгодоо үндэслэн уян хатан байхыг л хичээдэг.
Сэтгүүлч: 30 нас хүрэхээсээ өмнө заавал хийх ёстой байгаа 3 зүйлээ нэрлэвэл?
Зочин: Заавал гэсэн зүйл одоогоор алга байна. Мэдээж залуу хүний хийж үзэхийг хүсдэг зүйлс байдаг. Мөн ажлын хувьд одоогийн эхлүүлсэн ажлынхаа цар хүрээ, үр дүнг тэлж нийгэмд бодит өөрчлөлтийг /Social impact/ бий болгохыг зорьж байна даа. Мөн өөрийн мэдлэгээ дээшлүүлэх үүднээс ахин суралцах бодолтой байгаа

Сэтгүүлч: Та өглөөний хүн үү? Оройны хүн үү?
Зочин: Хүн биеийн онцлогоос хамаарч өглөө эсвэл орой бүтээмжтэй байхаа тодорхойлж ажилладаг ч миний хувьд тийм ч ялгаа гардаггүй. Цагаа биш энергиэ удирдахыг хичээдэг тул тухайн үеэсээ хамаараад харилцан адилгүй байх нь надад таалагддаг. Бүтээмж гардаг цаг гэхээс илүү бүтээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Тиймээс өглөөний хүн баймаар үедээ өглөөний хүн, оройны хүн баймаар үедээ оройны хүн. Одоогоор бол хэт эрт ч биш хэт орой ч биш хэвийн үедээ л байна…
Сэтгүүлч: Та нэг ажлыг дуусаад дараагийнх руу нь ордог уу? Эсвэл олон ажлыг зэрэг хийдэг үү?
Зочин: Ажлын онцлогоос хамаарч хэд хэдэн ажил, төсөлд оролцох шаардлагатай болдог. Тиймээс уялдаа холбоог нь олж оновчтой төлөвлөхийг хичээдэг. Ерөнхий ажлуудын хувьд мэдээж хоорондоо уялдаа холбоотой байдаг тул зэрэг амжуулахыг хичээдэг. Харин нарийн, деталь шаардагдах ажлыгдэс дараатай, үе шаттайгаар эрэмбэлж хийхийг хичээдэг. Мэдээж олон ажлыг зэрэг амжуулах боломжгүй шүү дээ. Хийлээ гэж бодоход үр дүн муу байх нь бий…

Сэтгүүлч: Тасралтгүй олон зүйл суралцах нь чухал уу? Нэг зүйл дээр төвлөрч, тэрэндээ мэргэжлийн байх нь чухал уу?
Зочин: Аль аль нь хувь хүний онцлог, мэргэжил, чиглэлээс хамаарна гэж бодож байна. Миний хувьд тодорхой нэг чиглэлд төвлөрч түүнийгээ суурь болгон түүн дээрээ мэргэшихийг чухалчилдаг ч түүнтэйгээ мөн адил олон зүйлсээс суралцаж уян хатан байхыг хичээдэг. Тэгэхээр нэг зүйлдээ илүү ихээр төвлөрөхөөс гадна олон зүйлд суралцах орон зайг үлдээдэг гэж хэлж болох юм.
Сэтгүүлч: Энэ жил та өөрийнхөө ямар амжилт, ололтоороо хамгаас илүү бахархаж байна вэ?