"Client Highlight" #02: "Бүү нуугаарай, бүү нуугдаарай" төслийн хамт олны төлөөлөл Н. Онон
Updated: May 16
“ClientHighlight”-н энэ удаагийн дугаараар бид "Бүү нуугаарай, бүү нуугдаарай" төслийг онцлон, тус кампанит ажлын бүтсэн түүхийг хуваалцахаар боллоо.

Дугаарын зочноор "Хүүхдийг ивээх сан"-н хүүхэд хамгаалах төслийн мэдээлэл, харилцааны зөвлөх Н. Онон оролцсон бөгөөд түүнтэй ярилцсан сонирхолтой яриаг та бүхэн хүлээн авна уу.
Өөрийгөө болон “Хүүхдийг ивээх сан”-н тухай товчхон танилцуулна уу.
Намайг Н. Онон гэдэг. Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгаалах төслийн Мэдээлэл, Харилцааны зөвлөхөөр ажилладаг. Хүүхдийг хамгаалах сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр үндсэн 5 чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Би энэ 5-н чиглэл дундаас голчлон “Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах” нь төсөл дээр ажиллаж байна.

Та уншигчдадаа хандан өөрийн ажиллаж буй “Чи Ганцаараа Биш - Бүү нуугаарай, бүү нуугдаарай” аяны талаар мэдээлэл өгөөч.

Яг нэрнээсээ манай кампанит ажлын хүргэх гээд байгаа гол санаа харагдаж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог асуудал бэрхшээл дундаас бидний хамгийн их олонд түгээхийг хүссэн сэдэв бол бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг. Энэ төрлийн асуудал гарвал чи хэзээ ч ганцаараа биш шүү гэдэг мессежийг л бид нар хүргэхийг зорьсон.
Чамайг хамгаалах хүмүүс эргэн тойронд чинь байгаа шүү. Тэр хүмүүстээ бид нар өөрийнхөө асуудлыг нуухгүй, нуугдахгүйгээр хэлж мэдэгдэх хэрэгтэй гэж уриалсан ийм аяныг л бид явуулж байна.

Тус аяныг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?
Манай төсөл 2021 оны 5-р сараас, 2024 оны 5 сар хүртэл 3-н жилийн хугацаатай хэрэгжихээр анх COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн эхэлж байсан. Төсөл анх бичигдэхдээ 4 гол зорилготой байсны нэг нь энэ нөлөөллийн ажил бөгөөд олон нийтэд сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төслийнхөө үзэл санааг хүргэх чиглэлтэй байсан.
Тус аяныг хэрэгжүүлж байхад тохиолдсон эерэг үйл явдлуудаас дурдвал?

Бид нар сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамж талбай гэх мэт байж болох бүх сувгаар дамжуулан хүүхдүүдэд мэдээллээ хүргэхийг зорьсон.